2023 оны 12-р сарын 20
Инфляц

Инфляц гэж юу вэ?
Инфляц нь бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бусад аж үйлдвэрийн түүхий эдийн үнийн өсөлт бөгөөд цаг хугацаан дахь мөнгөний үнэ цэнийн бууралт юм.
Хувь хүн өөрийн хэрэглэдэг барааг сонгон үнийн өөрчлөлтийг харьцуулахад амархан боловч хүний хэрэглээ нэг бараагаар тогтохгүй бөгөөд олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бүрддэг билээ. Иймээс, инфляц нь хүмүүсийн хэрэглээний барааны сагсыг бүрдүүлж буй бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн дунджаар хэмжигдэнэ. Энэ нь эдийн засаг дахь үнийн өсөлтийг нэг тоогоор төлөөлүүлэх боломжийг олгож, ерөнхий эдийн засгийн төлөв байдлын гол үзүүлэлтүүдийн нэг болдог байна.
Мөнгөний үнэ цэнэ буурах нь олон нийтийн амьжиргааны зардалд нөлөөлөх бөгөөд үр дүнд нь эдийн засгийн өсөлтийг бууруулна. Үүнтэй тэмцэхийн тулд төв банкнууд мөнгөний нийлүүлэлт болон зээлийн түвшнийг тодорхойлох хүүг өөрчилж, инфляцыг тогтворжуулахын төлөө голлон ажилдаг аж.
Инфляцын ангиллууд.
Инфляц үүссэнээр мөнгөний үнэ цэнэ буурах хэдий ч инфляц нь 3-н өөр төрлийн механизмаар үүсдэг байна.
Үүнд:
1.Эрэлтийн инфляц: мөнгөний нийлүүлэлт, зээлийн эрэлт нэмэгдсэнээр бараа, үйлчилгээний эрэлтийг эдийн засгийн үйлдвэрлэлийн хүчин чадлаас илүү хурдан нэмэгдэхэд хүргэж, инфляц үүсдэг байна.
2.Зардлын инфляц: мөнгө болон зээлийн нөөц нэмэгдэхэд үйлдвэрлэлийн оролт болон бизнесүүдийн хөрөнгө босгох зардлыг нэмэгдүүлдэг учир өртгийн өсөлт нь дамжин эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг нэмэгдүүлдэг байна.
3.Хүлээлтийн инфляц: хүмүүсийн инфляц өснө гэсэн хүлээлт нь инфляцад нөлөөлөх хандлагатай байдаг. Инфляцын үр дүнд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ болон иргэдийн цалингийн хооронд зөрүү гарж, бизнесүүдийн хүний нөөцийн зардал ихсэх нь инфляцыг илүү өндөр цэгт хүргэх хандлагатай байдаг.
Инфляцыг хэмжих индексүүд.
Инфляцын хэмжигдэхүүн нь сонгосон бараа, үйлчилгээний багцаас болон томьёоллоос хамаарах тул индекс бүр өөр аргаар инфляцыг хэмждэг байна.
·Хэрэглээний үнийн индекс (Consumer Price Index): CPI нь үндсэн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний сагсны жинлэсэн дундаж үнийн хэмжүүр бөгөөд тээвэр, хоол хүнс, эмнэлгийн үйлчилгээ багтдаг.
·Өргөн хэрэглээний үнийн индекс (Wholesale Price Index): WPI нь жижиглэн бус бөөний худалдааны үнийн өөрчлөлтийн хэмждэг индекс юм.
·Үйлдвэрлэгчийн үнийн индекс (Producer Price Index): PPI нь худалдааны өмнөх, дунд үе шатны орцын үнийн өөрчлөлтийг хэмждэг индекс юм.
АНУ-ын 12-р сарын инфляцын төлөв байдал.
Bureau of Labor Statistics (BLS)-ийн мэдээлснээр 11-р сарын Хэрэглээний Үнийн Индекс (CPI-U) үзүүлэлт нь 10-р сараас хойш буурч, 3.1% болжээ. Мөн хүнс, эрчим хүчний үнийг тооцоогүй индекс (Core CPI) нь 4.0%-д тогтворжиж, 2021 оны 9-р сараас хойших хамгийн доод цэгтээ хүрчээ.
Инфляц нь Холбооны Нөөцийн зорилтот түвшин болох 2%-ас дээгүүр байгаа ч 2022 оноос хойш буурч, цаашид тогтворжих төлөвтэй байна.